- Чи дээрээс төрөх ёстой, Иохан 3:1-16
Иосиф гэгч нэгэн баян, боловсролтой, эрх мэдэлтэй хүн Есүстэй нууцаар хувьчлан уулзаж хэрхэн мөнхийн амьтай болох вэ гэж асуужээ. Түүний эрх дарх, эд баялаг болон хөрөнгө мөнгө нь өөрийг нь үхлээс аварч чадахгүй гэдгийг тэр ухаарсан байв.
Есүс, Чи дээрээс төрөх ёстой гэж хариулахдаа Бурхан үүнийг Өөрийнх нь үхлээр дамжуулан хийх гэж байгааг тайлбарласан байна. Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч байхгүй. Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг, Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой.Энэ нь Түүнд итгэгч хүн бүрийг мөнх амьтай байлгахын тулд билээ.
Тэгээд мөнх амьдралыг зөвхөн итгэлээр олж авна гэж хэлсэн байна. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Би хэзээ нэгэн цагт энэ махан биеийг орхиж, Есүстэй хамт мөнх амьдарна. Би үнэхээр мөнхийн амьдралд итгэж байна. Би бас олон хүмүүс мөнх амьдраасай гэж хүсч явдаг нь үнэн.
- Бурхан хэн бэ? Исая 42:1-9
Бурхан Исая гэдэг хүнээр Есүс Христийн тухай хэлүүлэхдээ, Өөрийгөө хэн болохоо бас илэрхийлсэн байна. Есүс хүний хүрээр ирсэн болохоор бид Түүнийг сайн ойлгодог. Харин Бурханы талаар заримдаа буруу ойлголттой явсаар байдаг. Бурханыг таньж мэдэх нь итгэгч нарын төдийгүй хүний эрхэм зорилго мөн.
Тэнгэрийг бүтээж татаад, дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн, түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч, түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН гэжээ. Энэ нь Бурхан хүнд амийг өгөгч гэдгийг тодорхой хэлсэн байна. Тэгээд хэрэв хүн Бурханд итгэж, Түүний замаар явбал Бурхан сүнсээ өгнө гэж бас амласан байна. Бурхан хүний амьдралыг бүтээсэн бөгөөд бүрэн захирах эрхтэй.
Би бол ЭЗЭН. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг бусдад, Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй. Харамсалтай нь, хүмүүс бүр итгэгч нар хүртэл амьдралдаа хийсэн бүтэсэн болгоныхоо төлөө тэр болгонд сайшаалыг авах зохистой Бурханд өргөдөггүй. Надад заримдаа би өөрөө амьдралаа авч яваад байгаа мэт санагдах үе байдаг. ЭЗЭН минь, би Таныг амьдралынхаа ЭЗЭН Бурхан гэж тунхаглаж байна. Танд бүх алдар нь үргэлж байх болтугай, амен.
- Сайн мэдээ, Лук 2:1-14
Энэ жилийн Христ мэндэлсэн баяр өндөрлөлөө. Өнгөрсөн долоо хоногийн турш би олон хүмүүстэй Мерри Кристмас хэмээн харилцан мэндчилж өнгөрөөв. Гэхдээ миний дотор энэ баяр болон энэ мэндчилгээ ямар утга учиртай вэ гэсэн асуулт миний толгойд эргэдсээр байсан юм.
Тэнгэр элч энэ тухай -Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ гэсэн байна. Хоёр мянган бил өнгөрсөн ч Есүс итгэдэг, итгэдэггүй хүмүүс Түүний нэрээр мэндчилж, бэлэг солилцон баяр хөөр болон парти хийсээр энэ баярыг тэмдэглэж байна.
Жилээс жилд сая сая хүмүүс энэ баярын жинхэнэ утга учрыг мэдэлгүй тэмдэглэсээр байгаа нь үнэхээр харамсалтай. Тиймд би ч гэсэн тэнгэрэлчийн адил, Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэсэн ерөөж, олон хүмүүс энэ баярын утгыг мэдээсэй хэмээн залбирч байна.
- Есүс амьд, Иохан 1:1:14.
Есүс энэ дэлхийд махан биеэр ирсэн. Түүнийг харсан Иохан гэдэг хэлэхдээ, Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм гэжээ.
Би өөрийнхөө нүдээрээ харж, гараараа тэмтэрч байж бараа худалаж авах дуртай л даа. Үүний адил би таньдаг мэддэг хүндээ илүү итгэдэг. Амьдралыг нь өөрийн нүдээр харсан ээждээ итгэдэг, түүний байдаг үгүй эсэхт огтхон ч эргэлздэггүй. Харин Есүсийг хараагүй болохоор заримдаа эргэлзэх үе байсан.
Харин одоо амьдралынхаа турш Есүсийг амьд гэдгийг харсан учраас эргэлзээ минь арилсан. Есүс эргэлзээд байсан нэг дагалдагчдаа, Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ! гэж хэлсэн нь намайг баярлуулдаг. Би ерөөлтэй хүн.
- Бурхан бол нүүр тал хардаггүй, Үйлс 10::34-43
Бурхан хүмүүсийг үндэс угсаа болон арьсны өнгөөр ялгадаг уу? Эсвэл Еврейчүүдийг сонгосон юм чинь бусад үндэстнүүдийг ялгавар үздэг тал бий юу? Тэр заримыг нь илүү ерөөгөөд байгаа юм биш үү? Заримыг нь бүр хараагаад байгаа гэлтэй. Библид, Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов гэжээ.
Энэ үнэн 2000 гаруй жилийн өмнө бичигдсэн хэдий ч өнөөдөр ч гэсэн хүмүүс Бурхан хүмүүсийг ялгавар үздэг гэсэн олйголт амь бөхтэй байсаар байгаа тул хүмүүс нэг нэгэндээ ийнхүү хандсаар байгаа нь үнэхээр харамсалтай. Гэтэл, Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бичигдсэн юм. Би Есүс Христэд итгэдэг тул Бурханы өмнө уучлагдсан, амен.
- Есүсийг дага, Мат 9:9-13
Есүс тэндээс гарч өнгөрөхдөө татварын газар Матай гэгч хүний сууж байхыг харав. Тэр түүнд -Намайг дага гэхэд тэр босож, Түүнийг дагалаа. Есүс өнөөдөр ч гэсэн нүгэлтнүүдийг Өөрийг нь дага гэж дуудсаар байна. Би нүгэлтэй учраас Есүсийг дагадаг.
Ариун хүмүүс Есүсийн цуглаанд явдаг гэсэн ташаа ойлголт байдаг. Тухайн үед Есүсийг нүгэлтэй хүмүүстэй хамт байлаа гэж буруутгахад, Есүс -Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй. Би зөвт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.
Есүс яахын аргагүй миний төлөө ирсэн. Тэр миний нүглийг Бурханы өмнө цагаатгаж, Өөрийнхөө араас намайг дагуулахыг хүсдэг. Харин би цагаатгалыг нь дуртай хүлээн авдаг атлаа Есүсийг дагах болохоор эргэлзээд байх юм. Эзэн Есүс минь ээ, Таныг бүхий л амьдралынхаа турш дагах хүчийг өгөөч хэмээн залбирч байна даа.
- Есүс Христ мэндэллээ, Мика 5:2-5
Есүс Христийг хаана төрөхийг хэдэн зууны өмнөөс зөгнөн хэлсэн үгс Мика гэдэг хүний амнаас гарчээ. Тэр хэлэхдээ, Харин Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно. Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй. Харин Бурхан Есүсийн төрөх газрыг ийнхүү тодорхой зөгнөн хэлүүлсэн нь билэгдсэн юм.
Хэрэв намайг Улаанбаатар хотын 2-р амаржих газар төрнө гэж хэлсэн бол хүмүүс элэг доох хийх байсан байх аа. Тэр хүү төрөөд Цогт-Эрдэнэ гэж нэрлэгдэх бөгөөд Лос Анжелес хот дахь Монгол Христийн Сүмийн пастор болно гэсэн бол хэн ч итгэхгүй байх байсан биз. Гэхдээ Бурхан мэдэж байсан гэдэгт би эргэлздэггүй. Тэр надад энэ цагт энэ газар энэ үүрэг хариуцлагыг даатгасан гэж би итгэж байна.
Бурхан Өөрийн Ууган Хүү Есүс Христ болон Түүнтэй хамт өв заллгамжлах удаах бүх хүүхдүүдээ хаана төрөх хийгээд ямар хүн болохыг мэдэж байсан. Тийм учраас та Түүнд, зөвхөн Түүнд итгэж найдаж, бүхий л амьдралаа зориулаарай. Аврагч Эзэн Есүс Христ мэндэлсэн баярын энэ үеэр Бурхан Эзэндээ хамгийн сайныг өргөөрэй.
- Бурхан хүүхдүүдээ зэмлэдэг, 1 Сам 3:1-14
Эрт дээр үед хүүхдүүдээ буруу юм хийсээр байхад зэмлээгүй нэгэн аавын тухай ЭЗЭН хэлэхдээ, -Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх гэж байна. Түүнийг сонссон бүх хүмүүсийн хоёр чих нь хангинах болно. Тэр өдөр Би Елигийн гэрийн талаар Өөрийн өгүүлсэн бүхнийг эхнээс нь дуустал түүний эсрэг гүйцэтгэнэ. Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг зэмлээгүй тул өөрийнх нь мэдсэн гэм нүглийн төлөө түүний гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд айлдсан билээ. Тиймээс Елигийн гэрийн гэм нүгэл нь өргөл, эсвэл тахилаар хэзээ ч цагаатгагдахгүй гэж Би Елигийн гэрт тангараглав гэв.
Хөвгүүд нь ямар буруу юм хийсэн тухай 2-р бүлэгт дэлгэрэнгүй бичигджээ. Товчхондоо Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв. Өнөөдөр энэ л шалтгаан хүмүүсийн амьдралд хараал авчирсаар байна. Бид нар өнөөгийн асуудлуудыг хараал гэж хэлдэггүй харин нийгмийн асуудал гэж ярьдаг. Бид Бурханыг мэдэхийг зорихоосоо илүү Бурхан надад ямар ашигтай вэ гэж хайсаар он жилүүдийг өнгөрөөсөөр байгаа нь харамсалтай.
Бид нар Бурхан бол Хайр учраас цуглаанаас ивээл авахын тулд л явдаг болжээ. Гэтэл Хайрын Бурхан бас сахилгажуулдаг Бурхан гэдгийг бид хүлээн авах хэрэгтэй. Тийм учраас би Бурханаас эмээж амьдардаг. “Миний хүү, Эзэний сахилгажуулалтыг хөнгөн үзэж болохгүй. Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна. Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм. Тэр хүлээн авдаг хүү болгоноо ташуурддаг.”
- Бурханы Хүсэл, Лук 1:38
Марь тэнгэрэлчийн хэлсэн зүйлийг сайн ойлгоогүй байсан хэдий ч, -Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэр элч түүнийг орхин одлоо гэж бичигджээ. Хүмүүс хүсэж, мөрөөдөж, алсын хараа авдаг ч гэсэн ирээдүйд юу болохыг харж чадахгүй, амьдрал хэрхэн эргэхийг ч мэдэхгүй. Харин Марь тэнгэрэлчийн хэлсэн Бурханы хүсэл биелэгдхийг итгэлээрээ хүлээн авч, ерөөн залбирсан байна. Марьт зориулсан Бурханы хүсэл биелэгдсэн юм.
Энэ гайхамшиг хүн төрөлхтний түүхэнд ганцхан удаа тохиолдох нь тодорхой. Харин итгэгч нарт Бурханы хүслийг хүлээж авах итгэл дутмаг явдаг мэт надад санагддаг. Би ч гэсэн Бурханы хүслийг гэхээс илүү, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж өгөхийг Бурханаас гуйж, шалж шаналгаж ирсэн. Харин одоо бол Бурхан Аавын хүсэл бид нарын өчүүхэн хүслээс хавьгүй илүү гэдгийг харж байна. Юу гэвэл Бурхан юуны түрүүнд бид нартай харилцаатай байж, бид нарыг өөрчлөхийг хүсдэг. Тэр бид нарыг мөнх амьдрад бэлтгэж байгаа юм байна.
Есүс ч гэсэн “Үзэгтүн. Бурхан минь, Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ” гэжээ. Бурхан өргөл ба тахилыг хүсээгүй, нүглийн төлөөх бүх шатаалт тахил ба өргөлийг таалаагүй гэж бичигдсэн байна. Надад миний хүсэж мөрөөдөөд байгаа зүйл эцсийн эцэст Бурханы хүсэл биш байвал яана гэсэн эргэлзээ төрөх болсон юм. Тиймд би өөрийнхөө амьдралд Бурханы хүслийг биелээсэй гэж найддаг боллоо. Одоогоор миний итгэл хүрэхгүй, оюун ухаанаараа ойлгож чадахгүй, сүнсээрээ харахгүй байгаа ч гэсэн Сайн Бурхан миний амьдралд хамгийн сайныг хүсч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
- Бурханыг дагах нь, Иохан 10:1-6
Христитгэл бол Бурханыг амьдралынхаа турш дагах шийдвэр юм. Энэ нь ямар ч үед, сайн муу, жаргал зовлонгийн аль алинд нь Бурханыг дагаж амьдрана гэсэн үг. Харамсалтай нь, цөөн тооны хүмүүс Бурхан миний залбиралд хариу өгөхгүй байна, миний хүслийг биелүүлэхгүй байна, намайг эдгээхгүй байна, миний амьдрал дээшлэхгүй байна, би ер нь амьдралаа хөөлөө гээд Христитгэлээс ухардаг.
Библийн энэ хэсэгт итгэгч нар өөрсдөө Бурханы дуу хоолойг таньж, дагадаг гэж бичжээ. Итгэгч нар Бурханы дуу хоолойг бусдынхаас ялгах чадвартай гэсэн байна. Харин ч, “Тэд гаднын хүнийг ер дагахгүй, харин түүний дууг танихгүй учир түүнээс зугтана” гэжээ. Бид нар Бурханы дуу хоолойг сонсож сурахын тулд өдөр бүр Бурхантай хамт Библи уншиж, залбирах цаг гаргаж байх хэрэгтэй.Энэ бол таны сонголт. Үүнийг зөвхөн та л хийж чадна. Бурхан таныг хүчээр хийлгэхгүй.
- Бурханыг сонсогтун, Марк 8:2-8
Есүс Христ энэ дэлхийд ирсэн зорилгоо биелүүлэх мөч ойртож байсан үе. Түүнийг уулан дээр Мосе болон Элия хоёртой ярилцаж байхад, “Хувцас нь цацарсан цав цагаан өнгөтэй болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй“. Энэ бол яахын аргагүй тэнгэрлиг үзэгдэл байсан юм. Библид Бурхан иймэрхүү байдлаар Өөрийхөө оршихуйг илчилж харуулсан цөөн хэдэн тохиолдлууд байдаг. Гэхдээ энэ үзэгдлийн гол санаа нь “Энэ бол Миний хайртай Хүү мөн. Түүнийг сонсогтун гэсэн” тушаалд оршиж байгаа юм.
Өнөөдөр итгэгч нар Бурханы ер бусын оршихуйг их хайдаг. Үүнд ямар ч буруу зүйл байхгүй л дээ. Гэхдээ Түүний оршихуйг ихэвчлэн олон хүмүүсийн цуглаан, эсвэл тусгай эдгэрэл юм уу магтаалын цуглаан, Ариун Сүнсний үйлчлэлээс мэдэрхийг их зорьдог. Өнөө үеийн итгэгч нар Есүсийн үед амьдарч байсан хүмүүсийн адил шинж тэмдэг хайсаар байна. Харин Есүс бид нартай цаг үргэлж хамт байна гэж хэлсэн. Хамгийн гол нь бид Түүний Үгийг сонсох ёстой хэмээн Бурхан сануулсаар байна.
Есүс бид нартай өдөр тутмын амьдралд Библийн хуудсуудаар дамжуулан ярьсаар байна. Тэр бид нартай бидний байгаа газарт уулздаг. Тэр бид нарын залбирлаар дамжуулан бид нартай харилцахыг оролддог. Гэхдээ бидний анхаарлыг татах гэж гэрэл цацруулдаггүй, тэр болгон ер бусын үзэгдэл харуулаад байдаггүй нь үнэн. Түүний дуу хоолой бидний хүсэл мөрөөдөл, хэрэгцээ, энэ амьдралын олон янзын дуу шуугиан, өнгө мөнгө гэх мэт зүйлсэд дарагддаг тул бид нарын зүгээс Түүнийг сонсож сурахын тулд тодорхой цаг, хичээл зүтгэл хэрэгтэй. Үүнийг бид нар чимээгүй цагаар хийж сурдаг. Та Бурхантай чимээгүй цаг гаргаж байгаа юу?
- Гэмийн үр дагавар, 1 Сам 3:11-21
Энэ дэлхийд тулгарч байгаа олон асуудлууд хүмүүс бидний өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг бид зөвшөөрдөг. Жишээ нь, экологийн тогтолцоо алдагдснаас болж дулаарал ба байгалийн гэнэтийн үзэгдлүүдийн давтамж эрс нэмэгдсэн, мөн өлсгөлөн, дайн дажин, өвчин эмгэг гэх мэт зөндөө асуудлууд бий. Харин хүн хувь хүний амьдралд муу зүйл тохиолдохоор хүмүүс юуны түрүүнд Бурханыг буруутгадаг. Гэтэл энэ нь бидний буруугаас байж болох талтай.
1 Сам 3:11-21 уншвал Бурхан: “Би Елигийн гэрийн талаар Өөрийн өгүүлсэн бүхнийг эхнээс нь дуустал түүний эсрэг гүйцэтгэнэ. Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг зэмлээгүй тул өөрийнх нь мэдсэн гэм нүглийн төлөө түүний гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд айлдсан билээ.
Тиймээс Елигийн гэрийн гэм нүгэл нь өргөл, эсвэл тахилаар хэзээ ч цагаатгагдахгүй гэж Би Елигийн гэрт тангараглав” гэв.
Дээрх шийтгэл нь зөвхөн Ели гэдэг хүний гэрт хамаатай хэдий ч, хүний үйлдсэн гэм үр дагавартай гэдгийг тодорхой харуулж байна. Библид: “Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй, харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн билээ” гэжээ. Есүсийн үхлээр дамжуулан бид мөнхийн шийтгэл авахгүй болсон хэдий ч үйлдсэн гэмийнхээ үр дагаврыг эдлэх нь үнэн.
“Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ” гэсэн амлалт байдаг тул би гэмшдэг. “Бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбирвал эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна” гэдэгт би итгэдэг учраас гэм нүглээ эхнэртээ хэлж хамт залбирдаг.
- Миний дуудлага, 1 Сам 3:1-10
Заримдаа Бурхан хүмүүсийг дуут хоолойгоор нэрээр нь дууддаг. Тэр Самуэлийг ийнхүү дуудаж, Өөрийн хийх гэж байгаа зүйлээ мэдүүлсэн. Өнөө үед итгэгч хүмүүс дуудлага гэхээр Бурханаас иймэрхүү ер бусын зүйл хараад байдаг. Дуу хоолой юм уу, эсвэл онцгой шинж тэмдэг хараад, тодорхой нөхцөл байдал бүрдэхийг хүлээсээр байдаг. Эсвэл Тэр зөвхөн цөөн тооны ахлагч, пастор, аварлын зар тараагч нарыг дуудаж, Өөрйнхөө ажлыг хийлгэдэг гэж боддог. Нөгөө талаар дуудлага гэхээр супер амьдрал, амжилт гэж ойлгодог.
Гэтэл үнэндээ Бурхан Өөрийн гараараа бүтээж, амин амьсгалыг үлээсэн хүн нэг бүрийг дууддаг. Хамгийн эхлээд тухайн хүнийг аврал руу дууддаг. Бурханы Хайр бид нарыг гэмтэй байхад минь дуудсаар байдаг. Тэгээд Өөртэй нь харилцаатай байж, энэ амьдралыг хамт туулахыг хүсдэг юм. Хүн бүр дуудагдсан. Бурхан хүн бүрт сэтгэл хангалуун амьдралыг өгөхийн тулд дууддаг. Бурхан намайг дуудсан гэдэгт би одоо эргэлздэггүй. Тэр миний амьдралын туршид намайг нэрээр минь дуудаж, удирдсаар байх болно.
Тэр надтай үргэлж хамт, намайг “хэзээ ч мартахгүй, хэзээ ч орхихгүй” гэж амласан. Христийн дотор надад ямар ч ял байхгүй тул Бурхан намайг Өөрийнхөө араас дагуулсаар байна. “Үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас намайг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна.”
- Миний зовлон, Иов 33:29-33
Итгэгч ба үл итгэгч хүмүүсийн дунд нийтлэг байдаг нэг асуудал бол “Бурхан Хайрын, Аугаа Хүч Чадалтай, Шударга Бурхан юм бол яагаад сайн хүмүүст муу юм тохиолдохыг зөвшөөрдөг юм бэ? Бурхан зогсоож чаддаггүй юм уу? Яагаад эдгээгээгүй юм бэ? Тэрээр хөгшин залуу гэж ялгалгүй сайн хүмүүсийг нь түүгээд авчих юм” гэж гомдолдог.
Энэ бол шинэ зүйл биш ээ. Эрт дээр үед Иов гэдэг сайн хүнд гэнэт хүний санаанд оромгүй муу зүйлс тохиолдоход хүмүүс бас л Бурханыг болон бусдыг буруутгах хандлагатай байсан. Иовын дотны гурван анд болон түүний эхнэр нь хүртэл түүнийг буруутгасан. Харин Елиху гэдэг нэгэн залуу хүн Бурханы хийж байгаа зүйлсийг харах мэргэн ухаантай байв.
Тэр хэлэхдээ, “Бурхан үүнийг хүнд олонх тохиолдолд үйлддэг нь түүний сэтгэлийг нүхнээс буцаан авчрахын тулд бөгөөд тэрээр амийн гэрлээр гийгүүлэгдэхийн тулд болой” гэжээ. Өнөөдөр миний амьдралд тохиолдож байгаа асуудлууд намайг үхлийн нүхнээс гэтэлгэж, амьтай болгох зорилготой аж.
Гэхдээ Бурхан Өөрийн хүмүүсийг бузар муугаар соридоггүй бөгөөд Өөрөө хэнийг ч сорьдоггүй гэдгийг санах хэрэгтэй. Сатан Иовыг сорих зөвшөөрлийг Бурханаас авсан. “Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм” гэсэн амлалт бий.
Хүн зовлонтой амьдралыг эрж, хайдаггүй нь үнэн. Гэхдээ гэм нүглээр дүүрсэн энэ дэлхийд диваажин байгуулах гэсэн хүний хүсэл хэзээ ч биелэхгүй нь бас үнэн. Зовлон бэрхшээл хэнийг ч ялгахгүй. Би амьд Бурханы “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ” гэсэн амлалтанд найдаж байна.
- Миний баяр хөөр, Фил 4:4-7
Бичээст бид нарыг “Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!” гэж тушаасан. Гэтэл бодит амьдрал дээр өөр. Бид яаж хүнд хэцүү үед баярлах вэ? Амьдралд бөөн асуудал байхад баяртай байж болох уу? Миний бодлоор энэ дэлхийн амьдралд гэр бүл, ажил – үйлчлэл, сургуул, анд нөхдийн харилцаа, эрүүл мэнд, мөнгө санхүү гээд асуудлууд хэзээ ч арилахгүй ээ.
Харин Паул их хүнд хэцүү нөхцөлд байхдаа хэцүү амьдралтай байгаа итгэгч нарт хандан, “Та нарын тэвчээр бүх хүмүүст мэдэгдэг. Эзэн ойрхон байна. Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална” гэж бичжээ.
Нууц түлхүүр нь аливаа зүйлд тэвчээртэй байж, санаа зовохгүй байн бүх асуудлуудаа Бурхандаа хэлэх явдал юм байна. Үүнийг уншихад амархан, хэлэхэд ч амархан харин хийхэд үнэхээр хэцүү. Би Христэд итгээд нилээд удаж байгаа хэдий ч үүнд суралцсаар байна. Бурхан надад санааг минь зовоогоод байгаа зүйлсээ гуйлт ба залбирлаар талархалтайгаар Өөрт нь хэлэхийг өнөөдөр дахин санууллаа.
- Миний аврал, Исая 12
Бурхан Израилийн хүнд хэцүү үед АВРАЛ амласан. Израил гэм нүгэлд унаж, хаан нь хүртэл Бурхандаа итгэгхгүй бусад улс гүрнүүдээс тусламж хайж байхад Тэрээр уучлал, авралыг амласан байна. Исая 11-р бүлэг энэ талаар дэлгэгрэнгүй зөгнөжээ.
Өнөөдөр ч гэсэн Бурхан миний бүх нүглийг уучилсанд би “ЭЗЭН минь. Би Танд талархал өргөе” гэж хэлдэг. Тэр миний өнгөрсөн гэм нүглийг хэзээ ч дахин сөхөхгүй гэдгээ Дуулал 103-т амлажээ. Түүгээр ч үл барам одоо надтай хамт байна гэж амласан тул би, “Бурхан бол миний аврал” дуулж чаддаг.
“Би итгэн, айхгүй. ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу, Тэр миний аврал” гэж энэ амьдралдаа, одоо туулж байгаа зовлон дундаа хэлдэг. Бурхан Өөрт нь итгэж найдсан хүн нэг бүрийн гэм нүглийг уучилж, тэр хүний амьдралд хүч, хамгаалалт болон аврал болсоор ирсэн тул би ч гэсэн Түүнд итгэдэг.
Тийм учраас бид Түүнийг гэрчилж амьдрах эрхэм зорилготой амьдардаг. “ЭЗЭНд талархлыг өргө, Түүний нэрийг дууд. Түүний үйлсийг хүмүүсийн дунд мэдэгд. Түүний нэр өргөмжлөгдсөнийг тэдэнд сануул.
Гайхамшигт зүйлсийг хийсэн ЭЗЭНийг магтан дуул. Энэ бүхнийг газар дэлхий даяар мэдүүлэгтүн” гэжээ.
- Миний итгэл, Гал 5:2-6
Библид: “Бид Сүнсээр дамжуулан итгэлээр зөвт байдлын найдварыг хүлээж байна” гэж бичсэн байна. Энэ нь би сайн үйлс үйлдэж, буян бүтээснээр Бурханы өмнө зөвт байж чадахгүй гэдгийг хэлж байгаа юм. Би Бурханы өмнө зөвт байж, Түүний хайр ивээл нь болзолгүй гэдгйиг зөвхөн итгэлээрээ Бурханы Сүнсээр дамжуулан найддаг. Есүст итгэсний дараа миний амьдралд гарч байгаа эерэг өөрчлөлтүүд нь ийм итгэлээр дамжуулан ургаж байгаа Сүнсний үр жимсүүд юм
Харамсалтай нь, бид дахин дахин өөрсдийгөө үйлсээрээ Бурханы өмнө зөвтгөх гэж оролдсоор байдаг. Яагаад гэвэл бидний мөхөс оюун ухаан Бурхан гэмтэй муу хүнийг болзолгүйгээр хайрладаг гэдэг үнэнийг хүлээн авч чаддаггүй. Энэ нь сүм цуглаанд байнга хамрагдсан, эсвэл идэвхтэй үйлчилсэн, золиостой өргөл өргөсөн, бүхий л амьдралаа зориулсан гэдэг бодлууд юм. Харин бид гэм хйисээр байгаагаа мартдаг, ухамсартайгаар үгүйсгэдэг, үйлсээрээ дэнсэлдэг.
Би эрүүл мэндийн эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар эдгээр зүйлсийг хийж чадахаа больсон ч Бурхан намайг хайрласаар байх болно гэсэн итгэл надад бий. Би эдгээр зүйслийг өөрийн хир чадлаараа хийгээд хийгээд зарим итгэгч нарын итгэгч үйлчлэлтэй харьцуулбал дутуу дулимаг байсан ч Бурхан намайг хайрласаар байх болно гэсэн итгэл надад бий. Библи надад энэ итгэлийг өгдөг, “Харин хайраар дамжуулан ажиллаж буй итгэл л чухал юм.”
- Миний найдвар, Ром 8:18-25
“Өнөө үеийн зовлонгууд нь бидэнд илчлэгдэх тэрхүү алдартай зүйрлүүлшгүй” гэжээ. Энэ нь миний туулж байгаа асуудлууд: бие болон сэтгэлийн зовлон, саад тотгор, санхүүгийн бэрхшээл, үл ойлголцол, гомдол, ганцаардал гэх мэт бүх асуудлууд түр зуурынх гэсэн утгатай. Энэ амьдралд туулж буй асуудлууд Есүс Христтэй хамт өнгөрөөх мөнх амьралын жаргалтай “зүйрлүүлэшгүй” гэсэн байна.
Хараагүй, үзээгүй, эдлээгүй тэр мөнх амьдралыг би яаж мэдэх вэ? Библид, “Учир нь бид найдвараар аврагдсан байлаа. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна?” Аан, тэгхээр миний нүдэнд харагдаж байгаа бүх зүйлс нэгэн цагт үгүй болох юм байна. Харин би нүдэндээ харагдахгүй байгаа ч гэсэн зүрх сэтгэлдээ мэдрээд байгаа зүйлд итгэж найдаж байна. Тэр нь энэ амьдралын “зовлонгууд” дуусах цаг ирнэ гэсэн найдвар. Би нэгэн цагт амар тайван, жаргалтай, баяр хөөртэй, үхэл хагацалгүй амьдрана.
- Бурхан амлалтаа биелүүлдэг, Лук 1:21-25
“Хэд хоногийн дараа эхнэр Елизабет нь жирэмслэн, таван сарын турш хүний нүдэнд үл өртөж,
-Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн над уруу таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээн өгсөн нь энэ ажээ” гэв. Хүүсэр байх буюу хүүхэд төрүүлж чадахгүй байна гэдэг эрт дээр үед ичгүүртэй хэрэг байв.
Бурхан Өөрийн хүсэл, зорилгын дагуу энэ гэр бүлд хүү өгчээ. Энэ нь Түүний амласан ёсоор биелэгдсэн юм. Бичээст Бурхан амлалтандаа хүрсэн тухай зөндөө жишээ бий. Тэр Өөрт итгэдэг хүмүүст зөндөө амлалт өгсөн. Миний хувьд тэдгээр амлалтуудыг Библиэс олж, итгэлэрээ амьдралынхаа залуур болгохыг хичээдэг. Сэтгэлээр унасан, ганцаардсан, гэм нүгэлд бүдэрсэн, хүч чадалгүй, итгэл үгүй, найдвар байхгүй, гарах гарцгүй үед Бурханы Амьд Үгс надад итгэл, найдвар, хайр болон хүчийг өгдөг.
- Эхийн хэвлийд Ариун Сүнсээр дүүрэн байсан хүн, Лук 1:5-20
Иохан Ариун Сүнсээр эхийн хэвлийд байхаасаа л дүүрэн байсан болохоор хүчтэй байжээ. “Тэр Израилийн хөвгүүдээс олныг Бурхан Эзэнд нь эргүүлэн хандуулсан. Эцгүүдийнх нь зүрхийг хүүхдүүд уруу нь, дуулгаваргүй нэгнийг зөвт хүмүүсийн мэргэн ухаанд буцаахын тулд Эзэний өмнө Елиагийн хүч болоод сүнс дотор явжээ. Тийнхүү Эзэний төлөө бэлтгэгдсэн хүмүүсийг бэлтгэжээ.”
Итгэгч хүн Ариун Сүнсний хүчээр амьдралаа өөрчлөх боломжтой. Яагаад гэвэл Иоханы дотор байсан Ариун Сүнс мөн итгэгч хүний дотор бий. Би Ариун Сүнсний хүчээр энэ амьдралыг туулж байгаа гэж итгэдэг. Би Ариун Сүнсний хүчээр Бурханы Үгийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэх хүчийг олдог. Би цаг үргэлж Ариун Сүнснээс хүч, мэргэн ухаан, тэвчээрийг гуйдаг. Би Ариун Сүнсээр дүүрэн байхыг хүсч байна.
- Хүн болгон бүргэд байх албагүй, Исая 40:27-31
Сүүлийн үед итгэгч хүн бол бүргэд байх хувь тавилантай гэсэн ойлголт газар аваад байгаа. Гэтэл Исая 40:27-31 уншвал Есүст итгэвэл бүргэд болж, элин халина гэж бичээгүй байна.
“Мөнхийн Бурхан болох ЭЗЭН дэлхийн хязгаарыг Бүтээгч нь эцэж туйлддаггүй юм. Түүний ухаан нь хязгааргүй” хэмээн хүнийг биш, Бурханыг магтсан байх юм.
“Тэр ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг”, “ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ” гэдэг нь бид хэн байхаас үл хамааран Бурхан бидэнд хүчийг өгнө, Тэр бидний хүч чадлын эх үүсвэр гэдгийг хэлжээ.
Миний бодлоор итгэгч хүн бүр супер байх албагүй. Бурхан Өөрөө л таныг супер болгоогүй бол байгаараа л байх нь илүү жаргалтай гэж бодож байна.
- Есүсийн тухай зөгнөл, Мал 3:1-12
Мал 3:1, “Харагтун, Би элчээ илгээх гэж байна. Тэр Миний өмнө замыг цэвэрлэх болно. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
Есүс ийнхүү амлагдсан ёсоор энэ дэлхийд ирсэн боловч хүмүүс Түүнийг таниагүй юм. Жил бүр үй олон хүмүүс Христ мэндэлсэн түүхийг драм, концерт, сургаал болон энгийн үгсээр сонсдог авч Түүнийг танихгүйгээр өнгөрдөг. Энэ баярын үеэр цуглаанд ирсэн хүмүүстэй Есүсийн хайрыг хуваалцаарай.
- “Гэмшилд зохистой үр жимс гарга”, Мат 3:1-12
Жил бүрийн 12-р сард сая сая Христnтгэлтэй хүмүүс Есүсийн энэ дэлхийд мэндэлсэн баярыг угтан хүлээдэг үе байдаг. Есүст итгэдэг, үл итгэдэгээс үл хамааран хүмүүс бэлэг солилцдог, баярын хямдарлыг тэсч ядан хүлээдэг.
Дараа нь ямар бэлэг авсан, эсвэл ямар эд барааг хэр их хямлралтай авснаа гайхуулан ярьсаар он гаргадаг. Төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүнийг баярт үйл явдалд оролцуулахгүй байвал ямар вэ? Төрсөн өдрийн бялуун дээрх лааг үлээх хүн байхгүй байна гэж төсөөлөхийн аргагүй.
Гэвч өнөөдөр итгэгч нар ийм байдалтай Христийн мэндэлсэн өдрийг өнгөрөөсөөр байна. Харин Христ бид нараас үнэтэй бэлэг горьддоггүй. Түүнд өргөх хамгийн үнэтэй бэлэг бол үр жимс бүхий гэмшил мөн. Жил ирэх тусам өөрчлөгдөж буй амьдрал Түүний хувьд үнэлж баршгүй бэлэг болно. Энэ жил та Есүст Христэд ямар бэлэг барих гэж байна вэ?
- “Хүмүүс үнэхээр өвс юм”, Исая 40:6-11
Хүний амьдрал мөнх цаг хугацаатай харьцуулбал үнэхээр өвс мэт. Миний нүдэн дээр хүмүүс энэ дэлхийд мэндлээд, энэ дэлхийгээс явсаар л байна. Саяхан миний том ах 53 настайдаа энэ хорвоог орхилоо. Цаг хугацаа өнгөрөхөд амьд буй бид нэг нэгээрээ энэ дэлхийг орхих л болно. Хүмүүс бид тэр цагийг тэсч ядан хүлээдэггүй, харин ч уртасгах бүхий л арга чарга хайдаг. Бид айдаг. Залуу байхдаа мөнх амьдрах юм шиг загнадаг. Бид энэ сэдвээр ярих дургүй, муу ёртой гээд зайлсхийдэг. Гэхдээ энэ бол бодит байдал.
“Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно.” Христ дотор мөнх амьдрах найдвар байгаа нь намайг тайвшруулдаг. Энэ найдвар надад уулзаж чадалгүй салсан ахтайгаа болон бусад хүмүүстэй дахин уулзана гэсэн итгэлийг төрүүлдэг. Мөн нэг өдөр хайртай хүмүүсээ, үр хүүхдүүдээ энэ дэлхийд орхиод явсан ч дахин уулзах найдвар бий гэж бодохоор итгэл төрж, амар тайван болох юм. Энэхүү итгэл найдвараа алдахгүй байх юмсан, Эзэн минь.
- Надад баяртай байх шалтаг бий, Зеф 3:14-17
“ЭЗЭН чиний шийтгэлүүдийг зайлуулжээ”. Тэр үнэхээр миний шийтгэлүүдийг Христ дотор зайлуулсан юм байна.”Тэр дайснуудыг чинь зайлуулсан. Чи цаашид өвчнөөс айхгүй”. Тэр миний амийн дайснуудыг зайлуулсан. Айдас, буруутгал, өөрийгөө голох гэх мэт. Тэх мөн миний өмнөөс миний амь нас, эрүүл мэндэд хор хөнөөл учруулах дайснуудыг зайлуулдаг юм байна.
Тиймд, би надад баяр хөөртэй байх шалтаг зөндөө байдаг юм байна. Заримдаа амьдрал, үйлчлэлд бөөн асуудлууд байхад юундаа баярлах вэ дээ гэж боддог. Харин дээрх зүйлс надад баяр хөөртэй байхыг санууллаа.
Бурханы гайхамшигт амьд үг бидний сэтгэл зүрх сүнс оюун бодлыг өөрчилж амьдралыг тэтгэдэг.