- Хил хязгаар, 1 Кор 10:18-33
Гэм нүгэл гэж ямар ямар бодол, үйлдлүүдийг хэлэх вэ гэдгийг Библи маш тодорхой хэлсэн байдаг боловч зарим зүйл дээр тодорхойгүй орхисон байдаг. Жишээ нь, ямар үс засалт ба хувцаслалтыг даруу гэх вэ? Ямар шивээсийг буруу гэж үзэх вэ? Архидан согтуурч болохгүй гэдэг нь дарс огт амсаж болохгүй гэсэн үг мөн үү? Ийм үед элч Паул, Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй гэсэн зарчмыг мөрдлөг болгож байжээ.
Эдгээр тодорхойгүй зүйлс тустай биш бөгөөд босгон байгуулдаггүй тул тухайн сүм ба урсгал чиглэл өөрсдийн туршлаган дээр үндэслээд мөрдөх дотоод журам гаргаад баримталдаг. Итгэгч хүн өөрийн сүм чуулганы дүрэм журмыг дагах нь зүйтэй. Харин дүрэм байхгүй бол Библийн энэхүү зарчмыг баримталж, өөрийн мөс чанараа дагах хэрэгтэй.
Элч Паул, Яг надтай адил байгтун. Хүмүүсийг аврагдаасай гэсэндээ би өөрийн ашгийг бус, харин олны ашгийг хайн, бүхний дотор бүх хүний таалалд нийцүүлдэг гэжээ. Тэр үүнийгээ Ром 15:1-3 тайлбарлахдаа, Хүчтэй бид өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэлгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой. Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлье. Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй. Харин “Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув” гэсний адил байсан юм.
ЭЗЭН Есүс минь ээ, Та гэмт хүмүүсийг аврахын тулд хүний дүрийг олж ирээд, бүх хүний нүглийг загалмай дээр үүрч, цагаатгасанд баярлалаа. Та бүх талаараа соригдсон боловч бүх нүглийг тэвчсэнд баярлалаа. Бид нарт үзүүлсэн Таны хайр, нигүүсэл, уучлалыг сүнсээр хүчгүй сул дорой ах дүүс ыолон хараахан итгээгүй байгаа хүмүүст харуулж, бүх зүйлсийг бусдын тусын тулд, бусдыг босгон байгуулхын тулд хийж сургахад туслаарай. Амен.
- Хавчлага, Үйлс 8:1-4
Христийнхний эсрэг хавчлага тасардаггүй. Хүнд хэцүү цуст хавчлагуудын үеэр Христийнхэн маш эв нэгдэлтэй, зоригтойгоор итгэл үнэмшлээ дэлгэрүүлсээр иржээ. Харамсалтай нь, амар тайван эрх чөлөөтэй үед Христийнхэн дотроо хагарч, эрх мэдэл эд хөрөнгөний төлөө тэмцэлдэж, сүмүүд нь эв нэгдэлгүй, итгэгч нарын амьдрал нь гэрчлэлгүй болдог байна. Та хавчлага заримдаа сайн үр дүнд хүргэдэг гэдэгтэй санал нийлэх үү?
Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа. Тэр өдөр Иерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элч нараас бусад нь бүгд Иудей болон Самарийн нутгуудад тархав. Стефаныг сүсэгтэй хүмүүс оршуулж, түүний хойноос ихэд гашуудан уйлцгаав. Харин Саул чуулганыг хоосруулж, айлаас айлд орж эр, эм гэлгүй баривчлан шоронд хийж байлаа. Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв.
ЭЗЭН минь ээ, өшөө авалт нь Таных бөгөөд Та хэзээ ч хэнээр ч элэг доог болохгүй тул Христийнхний эсрэг хийгдсэн бүхий л шударга бус, муу бүхнийг Танд даатгаж, сэтгэл санааны болон цуст хавчлага хүртэл эцэстээ сайн үр дүнтэй байхаар Та ажилуулдаг гэдэгт итгэх найдвараа алдахгүй, тэсвэр тэвчээртэй байх хүч чадлыг Өөрийн хүүхдүүдэд хайрлаач гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- Хамгийн Агуу нь, Үйлс 19:11-20
“Христийн пасторуудын хийгээд байгаа зүйлсийг бид нар ч гэсэн хийж чадна. Даана ч мөнгө байхгүй” гэж нэгэн хувийн эмнэлгийн эмч хүн Монгол ТВ-р ярьж байсан. Хүмүүс Бурханы хийдэг гайхамшигт зүйлсийг мөнгө, ид шидийн аргаар хийж болно гэж андуураад байна. Хүмүүс Христийн нэрийг барин олныг хуурамч шинж тэмдгээр төөрөгдүүлдэг. Үздэг, хардаг, эдгээдэг, унагадаг пастор гэж байхгүй. Бурхан үүнийг хүссэн цагтаа сонгосон хүнээрээ дамжуулан хийсээр ирсэн. Бүх алдар нь зөвхөн Түүнд байх учиртай.
Бурхан Паулын гараар дамжуулан ер бусын гайхамшгуудыг бүтээж байлаа. Алчуур, бүсийг нь түүнээс авч өвчтэй хүмүүст хүргэхэд өвчин нь эдгэж, муу сүнснүүд зайлж байв. Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүдийн зарим нь бузар сүнснүүдтэй хүмүүст Эзэн Есүсийн нэрээр -Паулын тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж шившлэг хийхийг завджээ. Иудей ахлах тахилч Скюгийн долоон хөвгүүн үүнийг үйлдэж байв. Муу сүнс тэдэнд -Би Есүсийг танина. Паулыг ч мэднэ. Харин та нар хэн юм бэ? гэв. Тэгтэл муу сүнстэй мөнөөх хүн тэдэн уруу ухасхийн дайрч мөнөөх хэдийг хүчээрээ түрэмгийлж, дийлэв. Нөгөө хэд ч гэмтэж шархдан тэр байрнаас нүцгэн шалдан гараад зугтав. Энэ явдал Ефест амьдардаг бүх Иудей, Грек хүмүүст дуулдахад тэд бүгдээрээ айдаст автав. Эзэн Есүсийн нэр алдаршиж байлаа. Итгэсэн хүмүүсээс олонх нь ирж, өөрсдийн үйл хэргийг хүлээн зөвшөөрч илчлэв. Ид шидийг үйлддэг байсан хүмүүсээс олонх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход тавин мянган мөнгөн зоос болжээ. Ийн Эзэний үг үлэмж хүчтэйгээр тархан бэхэжсээр байлаа.
ЭЗЭН минь ээ, Та бол ер бусын гайхамшигт зүйлсийг үйлддэг цорын ганц амьд Бурхан гэж бид тунхаглаж байна. Та хэнээр ч элэг боог болохгүй. Та хүртэх ёстой алдраа хуурамч бурхад болон хүмүүстэй хуваалцахгүй. Та энэ дэлхийн бүх бурхдаас хамгийн агуу нь гэдгээ Монголчуудад илчилж, мянга мянгаар нь авран, дагуулсаар байгаад баярлалаа. Зөвхөн Танд бүх алдар нь үеийн үед орших болтугай. Амен.
- Бурханы Үг, Исая 55:8-11
Хүний амьдралд Бурхан юу хийгээд байгааг нь бид шууд ойлгож, харж чаддаггүй. Бидний бодол санаагаар бол хүнийг шууд өөрчлөөд, хамаг муу зуршлаас нь нэг мөр салгаад, энхийн цагаан дагина шиг гэм зэмгүй сайн хүн болгоод амар сайханд нь жаргаачихмаар. Гэтэл Бурханы бодол санаанууд болон Түүний арга зам бидний тур зуурын жаргалыг бус, харин мөнхийн амьдралыг харж ажилладаг бололтой. Бурхан Үгээрээ дамжуулан, Өөрийнхөө хүслийг биелүүлж ажилладаг байна.
“Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна. Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ. Бороо, цас тэнгэрээс бууж ирээд, газрыг услахгүйгээр буцдаггүй шиг, харин газрыг ургуулж цэцэглүүлж, тариачинд үрийг, идэгчид талхыг нь хангадаг. Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй.
Бурхан минь ээ, Та миний амьдралыг эхлэлээс нь төгсгөл хүртэл, мөн цаашид мөнх амьдралыг минь хүртэл мэддэг болхоор өнөөдөр надад юу хэрэгтэйг сайн мэддэг бөгөөд үргэлж миний сайн сайхны төлөө байдаг гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ амьдралдаа болж байгаа зүйлсийг Таны төгс төлөвлөгөөний салшгүй хэсэг гэж хүлээж авах итгэлийг минь өсгөж өгөөч гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- Хамгийн агуу гайхамшиг, Дуул 86:11-13
Бид өнөөдөр ер бусын байдлаар эдгэрсэн ч, бид дахиад өвчин тусахгүй гэсэн баталгаа үгүй. Үхлээс амилсан ч, энэ хорвоог орхих нь гарцаагүй үнэн. Харин ч Израилийн ард түмэн шиг ер бусын гайхамшиг тэмдгээр өвчилж, жинхэнэ үнэнийг харах чадваргүй болох аюултай. Харин Бурхан бидний сүнсийг мөнхийн зовонгоос аварсан нь үнэхээр гайхамшигтай.
Өө, ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч. Миний Бурхан ЭЗЭН, би бүх зүрхээрээ Танд талархаж, Таны нэрийг мөнхөд алдаршуулна. Учир нь надад хандсан Таны хайр энэрэл аугаа бөгөөд Та миний сүнсийг Үхэгсдийн орны гүнээс аварсан.
ЭЗЭН минь ээ, Та намайг зохисгүй, гэмтэй байхад минь аварлыг надад үнэгүй өгч, мөнхийн тамын галаас намайг аварсанд үнэхээр их баярлалаа. Та намайг ямар ч болзолгүй хайрлана, хэзээ ч орхихгүй, мартахгүй энэ үеийг төгстөл цаг үргэлж хамт байна гэж амласанд талархаж байна. Таны надад үзүүлсэн хайр энэрэл, нигүүлсэл үнэхээр агуу тул би Таны нэрийг алдаршуулж амьдрахыг хүсч байна. Туслаарай. Амен.
- Ер бусын эдгэрэл, Иох 9
Төрөлхийн эмгэг болон өвчин зовлон бүрийг гэм нүглээс болсон гэж хэлж болохгүй. Мөн Есүс Христийн үйлдсэн гайхамшиг бүрийн цаана тэнгэрлиг утгатай сургамж байсныг бид олж харах хэрэгтэй. Есүс ертөнцийн гэрэл бөгөөд Бурханы ажлуудыг харуулах зорилготой байв. Тэр төрөлхийн сохор хүнийг хараатай болгохдоо сүнсний хувьд сохорсон хүмүүсийг хараатай болгох гэж ирснээ бас илэрхийлсэн боловч олон хүмүүс гайхамшигт эдгэрлийг нүдээрээ харсан атлаа сүнсний мэлмий нь нээгдээгүй аж.
Есүс явж өнгөрөхдөө, төрөлхийн сохор хүнийг харжээ. Шавь нар нь Түүнээс -Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ хүн сохор төрсөн юм бэ? Энэ хүн үү? Түүний эцэг эх үү? хэмээн асуусанд Есүс -Энэ хүн ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ нь Бурханы ажлуудыг түүгээр харуулахын тулд юм. Намайг Илгээгчийн ажлыг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна. Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав. Ингэж хэлээд, Тэр газар нулимж, шүлсээрээ шавар зуурч, тэр хүний нүдийг шавраар шаваад, -Яв. Силоамын (орчуулбал Илгээгдсэн) цөөрөмд угаа гэж хэлэхэд өнөөх хүн явав. Тэгээд угаагаад, хараатай болон эргэж иржээ.
Бурхан минь ээ, сатан үл итгэгчдийн нүдийг халхалсаар олон хүмүүсийг төөрөгдүүлж, Христийн гэрлийг харах чадваргүй болгож байна. Энэ бүхнийг дийлэх хүч зөвхөн Танд байгаа тул Танаас хандан олон олон Монголчуудын сүнсний мэлмийг нээж, Есүс Христийн загалмай дээрх үхлийн утга учрыг олж харах болтугай гэж залбирч байна. Мөн Монгол итгэгч нарыг сүнсний төөрөгдлөөс хамгаалж, Христитгэлийн замаар зөв дагуулаарай. Амен.
- Есүс Христийн нэрээр, Үйлс 3:1-10
Есүс Христ эмтэрсэн хүмүүсийг бүрэн бүтэн болгохын тулд ирсэн. Гэм нүгэл энэ дэлхийд орж ирснээс болж ядуурал, өлсгөлөн, гамшиг, өвчин, зовлон, дайн дажин, алан хядлага газар авсаар байгаа. Сайн хүмүүсийн амьдралд шударга бус, муу зүйлс тохиолдсоор … зарим нь шударга бус замаар бусдыг мөлжин хөрөнгөжиж, тарган цатгалан яваа нь үнэхээр харамсалтай. Энэ амьдралдаа Есүс Христэд итгэж найдсан хүн бие, сэтгэл, сүнс санаа бодол бүрэн бүтэн болох найдлага бий.
Петр, Иохан нар залбирлын цаг болох есдүгээр цагт сүм уруу явж байв. Төрөлхийн хазгар нэгэн хүнийг хүмүүс авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэр хүн өдөр бүр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ. Петр, Иохан нарыг сүм уруу очиход тэр тэднээс гуйлга гуйж эхлэв. Петр Иоханы хамт түүн уруу харц тогтоон, -Наашаа хар гэв. Тэднийг ямар нэгэн юм өгөх нь хэмээн горьдон, мөнөөх хүн тэдэн уруу анхаарав. Харин Петр түүнд -Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд, -Назарын Есүс Христийн нэрээр [босоод] явагтун хэмээн хэлээд баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч орж, үсрэн цэх зогсоод алхаж эхлэв. Тэр цовхчин Бурханыг магтан тэдний хамт сүмд явж орлоо. Бурханыг магтан алхаж буй түүнийг бүх хүмүүс хараад сүмийн Үзэсгэлэнт Дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж, түүнд юу тохиолдсоныг үзээд гайхаж хоцорсон байлаа.
Бурхан минь ээ, хүний бие, сэтгэл, сүнс санаа бодлыг тахир дутуу болгож байдаг гэм нүглийг арилгахын тулд Та Өөрийн Хүү Есүс Христийг золиос болгосонд талархаж байна. Танд итгэж найдсаар байгаа хүмүүсийг Есүс Христийн нэрээр өвчин, эмгэг, сэтгэлийн дарамт, зовлонгоос нь бүрэн эдгээж өгөөч гэж залбирч байна. Та Өөрийн хүмүүсийн амьдралд гайхамшигтай эдгэрлүүдийг зөвшөөрөөч гэж Есүсийн нэрээр гуйж байна. Амен.
- Бидний хариуцага, 1 Кор 9:19-23
Итгэгч нарт сайн мэдээг тараах маш олон арга байна. Сайн мэдээг ингэж л тараах ёстой гэсэн зүйл байхгүй. Бурханы танд өгсөн хүмүүст сайн мэдээг хүргэхийн тулд бүхий л арга замыг ашиглах хэрэгтэй. Есүс Бурхан атлаа хүн болж ирээд бүхий л талаар соригдсон боловч нүгэл үйлдээгүй. Үүний адилаар итгэгч нар итгэл, зөвт, ариун амьдралаа алдалгүйгээр сайн мэдээг тунхаглахад суралцах ёстой аж. Паулын жишээг сайн тунгааж үзээрэй.
Учир нь би бүхнээс чөлөөтэй атлаа илүү олныг талдаа оруулахын тулд өөрийгөө бүгдэд боол болгов. Иудейчүүдийг талдаа оруулахын тулд би иудейчүүдэд Иудей хүн адил, Хуулийн дор байгсдыг талдаа оруулахын тулд би өөрөө Хуулийн дор байдаггүй атлаа Хуулийн дор байгсдад Хуулийн дор байгч мэт, хуульгүй хүмүүсийг талдаа оруулахын тулд би Бурханы хуульгүй байгаа бус, харин Христийн хууль дор байдаг атлаа, хуульгүй хүмүүст хуульгүй хүн адил, мөхөс хүмүүсийг талдаа оруулахын тулд би мөхөс хүмүүст мөхөс хүн адил болсон юм. Яалаа ч гэсэн заримыг нь аврахын тулд бүх хүнд би бүх юм болж байлаа. Би сайн мэдээний хамсаатан болохын тулд сайн мэдээний төлөө бүх юмсыг хийдэг.
ЭЗЭН минь ээ, Таны дуудсан дуудлагыг төгс биелүүлж чадах хүч чадал, тэсвэр тэвчээр, зөвт байдлыг Ариун Сүнсээрээ дамжуулан өгөөрэй. Есүс Христийн араас дагахдаа Библид бичигдсэн болон миний өмнө амьдарч байсан, одоо намайг удирдан дагуулж байгаа сүнсний удирдагч нарын үлгэр дууриалыг дагаж, Ариун Сүнсний удирдлагаар шинэ арга замаар сайн мэдээг тунхаглахад минь сургаж өгөөч гэж залбирч байна. Амен.
- Бурхан авардаг, Үйлс 9:1-9
Библид Бурхантай уулзсан хүмүүсийн амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн түүх зөндөө. Есүс өнөөдөр ч гэсэн хүмүүсийг нэрээр нь дуудаж, Өөрийгөө хэн болохыг илчилж, хүмүүст юу хийж, хэрхэн ямар замаар амьдрах ёстойг нь хэлсээр байна. Итгэгч хүмүүс Бурханы Үгийг тунхаглаж, хүмүүсийг авралын замаар хөтлөн, гэмшлийн залбиралд удирддаг боловч зөвхөн Бурхан Өөрөө хүний зүрх сэтгэлийг нээж, сүнсийг нь аврах чадалтай. Тэр Саулыг аварч, амьдралыг нь өөрчилж Паул болгосон Нэгэн.
Саул замд явж байлаа. Тэр Дамаскт дөхөн ирж байтал гэнэт тэнгэрээс гэрэл гарч түүнийг хүрээлэн гэрэлтэхэд, Саул газар хөсөр унав. Тэгээд -Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод, -Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр -Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна. Бос, хот уруу оч. Чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэв.
Бурхан минь ээ, мөхөс гэмтэй надад Өөрийгөө илчилж, Таны аварлыг хүлээн авах итгэлийг өгсөнд баярлалаа. Та намайг мөнхийн шийтгэлээс аварч, хэрхэн амьдрахыг минь зааж сургасаар байгаад талархаж байна. Та хэнийг ч мөхүүлхийг хүсдэггүй тул Таны аварлын замыг олон хүмүүст хүргэх мэргэн ухааныг хайрлаач. Таны Үгийг итгэмжтэйгээр тунхаглаж, Таны Үгээр тууштай амьдрах зориг, тэвчээрийг өгөөч гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- Итгэгч хүн бүрийн хариуцлага, Мат 24:1-14
Гэм нүглээс болж Бурханы бүтээсэн төгс сайхан ертөнц уруудан доройтсоор байгаа нь үнэн. Бидний үед л гэхэд дэлхийн цаг агаар эрс өөрчлөгдөж, байгалийн гай гамшгууд, дайн дажин, зэвсэгт мөргөлдөөн, алан хядлага, эдгэршгүй өвчний тоо өсөн нэмэгдсээр байна. Гэвч Бурхан бүх ертөнцийг хайрласан хэвээр,бүх хүмүүст Есүс Христийн тухай сонсох боломжийг олгох гэж хүлээсээр байна. Тэр үүнийг итгэгч нараар дамжуулж хийнэ. Бид Хаанчлалын сайн мэдээг тунхаглах хариуцлагатай хүмүүс.
Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө. Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ.
Бурхан минь ээ, Та бид нарт Сайн мэдээг тунхаглах олон арга замуудыг нээж өгсөөр байгаад баярлалаа. Итгэгч хүн бүр анхны хайр руугаа эргэж, амьдралд нь үзүүлсэн Таны хайр, нигүүлсийг бусадтай хуваалцаж, ам амьдралаараа Таныг гэрчилж, Сайн мэдээг тунхаглах бүтээлч шинэ арга замуудыг олох болтугай гэж залбирч байна. Хүн бүр Таны өгсөн бэлэг сүнслэг бэлгүүдыг нээж, Таны Хаанчлалыг бүх үндэстэнд хүргэхийн тулд ашиглах болтугай. Амен.
- Бурхан бүх хүмүүст хайртай, 2 Петр 3:7-9
Бурхан бүх хүмүүст хайртай учраас Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, харин бүх хүмүүсийг гэмшээсэй гэж хүсдэг. Энэ бол хожим ирэх аймшигтай цаг үеэс бүх хүмүүсийг аврах гэсэн Бурханы агуу ХАЙР. Бурхан бас ТУЙЛЫН АРИУН ШУДАРГА гэдгийг бид мартаж болохгүй. Бурхан хүнийг ямар ч гэмтэй байсан түлхдэггүй харин бурханлаг бус хүмүүс Түүнтэй дайсагнаж, өөрсдийн дур хүслээр амьдрах дуртай тул өөрсдөө бурхад бүтээж, амьд Бурханыг үгүйсгэдэг байна.
Харин өнөөгийн тэнгэр болоод газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, бурханлаг бус хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдрийн төлөө хадгалагдаж байна. Харин, хайртууд минь, Эзэний хувьд, нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг. Эзэн удаашралыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг Өөрийнхөө амлалтад хойрго биш билээ. Харин ч Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн та нарт тэвчээртэй ханддаг.
Бурхан минь ээ, Та Өөрийнхөө агуу ХАЙР ба ТЭВЧЭЭРИЙГ Танд итгэж, найдаж явдаг хүн нэг бүрт хайрлаач. Таны дүр төрхөөр бүтээгдэж, гэм нүгэлд боочлогдон, харын хүчнүүдэд хууран мэхлэгдсэн хүмүүст Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээний амьд гэрч нар байхад Ариун Сүнснийхээ хүч чадлаар ерөөж өгөөч. Та бид нарыг өдрөөс өдөрт илүү тэвчээртэй, илүү мэргэн, илүү ухаантай, илүү ариун болгож байгаад баярлалаа. Амен.
- Итгэгчдийн тоо нэмэгдсээр… Үйлс 2:37-42
Энэ үйл явдлаас хойш хоёр мянга гаруй жилийн турш ЭЗЭН хүмүүсийн зүрх сэтгэлийг нээж, итгэгчдийн тоог нэмсээр ирсэн. Бурханы Үгийг итгэмжтэйгээр номлож байгаа сүмүүдэд хүмүүсийн зүрх сэтгэл хөндөгдөж, гэмшин, Есүс Христийн нэрээр баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсаар байна. Өнөөдөр ч гэсэн дэлхий даяар долоо хоног бүр мянга мянган хүмүүс Бурханы Хаанчлалд орж байна. Есүс Христийн дагалдагч нар Бурханы Үгийг тунхагласан хэвээр байвал ЭЗЭН итгэгчдийн нэмсээр байх болно.
Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас -Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав. Петр тэдэнд -Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв. Тэр өөр олон үгээр гэрчлэн -Энэхүү завхруулагч үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. Ийнхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ. Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.
Дэлхийн даяар тархсан Библид итгэдэг сүмүүдийн итгэгчдийн тоо нэмэгдсээр байгаад зөвхөн Танд бүх алдар нь үеийн үед, үүрд мөнхөд байх болтугай. Тэр дундаа Монгол итгэгчдийн тоог өдрөөс өдөрт нэмж, Монгол үндэстнийг Христийн дагалдагч болгож байгаад Танд баярлалаа. Хожмын энэ үед Та Монгол Сүмийг босгон байгуулж, Өөрийнхөө Хаанчлалыг өргөжүүлхийн тулд онцгой байдлаар ашиглах Таны төгс төлөвлөгөө биелэг болтугай гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- Залбирал болон Үгийн үйлчлэл, Үйлс 6:1-6
Пасторууд “залбирал болон Үгийн үйлчлэл”-д итгэмжтэй байхын тулд бусад үйлчлэлүүдийг “Сүнс ба мэргэн ухаанаар” дүүрэн туслагч нарт даалгах хэрэгтэй гэж Библи заадаг боловч зарим сүмүүд дэлхийн жишгийг даган пасторыг хөлсний ажилчин мэт соньжиж, сольж байгаа нь үнэхээр харамсалтай. Пастор гэдэг мэргэжил биш харин Бурханаар дуудагдаж, томилогдон тослогдсон сүнслэг байр суурь мөн. Пастор хүн ч гэсэн өөрийн эрх мэдэл, үүрэг хариуцлага ба дуудлагадаа үнэнч бөгөөд итгэмжтэй байх шаардлагатай.
Шавь нарын тоо өсөн нэмэгдсээр байсан тэр үед грек хэлтэй иудейчүүдийн зүгээс нутгийн еврейчүүдийн талаар гомдол гарав. Учир нь өдөр тутмын хүнсний үйлчлэлдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар гомдол гаргажээ. Тэгэхэд мөнөөх арван хоёр нь дагалдагчдыг цуглуулж, -Ширээнд үйлчлэхийн тулд Бурханы үгэнд хайнга хандах нь бидэнд хүсүүштэй зүйл биш юм. Харин ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул. Харин бид залбиралд болон үгийн үйлчлэлд өөрсдийгөө зориулъя гэв. Энэ саналыг бүх хүмүүс дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын сүсэгтэн Никол нарыг сонгожээ. Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгаасны дараа гараа тэдэн дээр тавив.
ЭЗЭН Бурхан минь ээ, Таны тогтоосон сүнслэг эрх мэдлийн зарчмыг хүлээн авах итгэлийг Өөрийн хүмүүстээ өгөөрэй гэж залбирч байна. Бусад бүх эрх мэдлийн дор дуулгавартай байдгийн адилаар сүнсний удирдагч нарын эрх мэдэлд дуулгавартай байхад сургаарай. Ингэснээр бид бүгдээрээ сүнслэг хамгаалалтан дор орж, муу нэгэний урхм, уруу татлагыг сөрөн зогсох хүч чадлыг олж, бүхий л талаар ивээгдэх тул Танд талархая. Амен.
- Дуудлага, Мат 4:18-22
Есүс хүмүүсийг дууддсаар л байна. Учир нь -Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна. Харамсалтай нь, Түүний дуудлагыг итгэлээрээ хүлээн авч, амьдралаа Түүний хаанчлалын төлөө бүрэн зориулах хүн цөөн аж. Хэрэв та зүрх сэтгэлээрээ Бурханы дуудлагыг мэдэрч байвал Түүнийг итгэлээрээ дагах анхны алхмуудаа хийгээрэй.
Тэр Галил нуурын эргээр явж байхдаа ах дүү болох Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей нарыг нууранд тор тавьж байгааг харжээ. Тэд загасчид аж. Есүс тэдэнд -Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа. Тэр тэндээсээ цааш явж байгаад өөр нэг ах дүү болох Зебедеен хөвгүүн Иаков, түүний дүү Иохан хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт загасны тороо сэлбэж байгааг хараад дуудав. Тэр даруй тэд эцгээ завьтайгаа орхиж Түүнийг дагалаа.
Бурхан Таны хаанчлалын төлөө өөрсдийн хүсэл мөрөөдлөө огоорон, цалинтай цалингүй, бор зүрхээрээ, жинхэнэ итгэлээрээ зүтгэж яваа охид, хөвгүүдийг өргөж байна. Та тэдний бүх хэрэгцээг нь хангаж, ер бусын тэнгэрлиг байдлаар хамгаалдагт баярлалаа. Таны дуудлагат эргэлзэж байгаа хүмүүст итгэлийн алхам хийхэд нь туслаарай. Амен.
- ЭЗЭН удирдагчдыг томилдог, 1 Сам 16:1-13
Хүн төрөлхтөн сонгуулийн аргаар өөрсдийнхөө удирдагчдыг сонгодог бол Бурхан Өөрийнхөө хүмүүсээр дамжуулан Хаанчлалынхаа удирдагч нарыг Өөрөө буулгаж, Өөрөө томилсоор байна. Ингэхдээ Тэр хүний гадаад төрх, авъяс чадвар, эд хөрөнгө, байр суурийг хардаггүй. Харин Тэр хүний зүрх сэтгэлийг хардаг. Тэр Өөрийнхөө тосолж, томилсон хүнтэйгээ Сүнсээрээ үргэлж хамт байж, Сүнснийхээ бэлгүүдийг ерөөж, Өөрийнх нь ард түмнийг удирдах мэргэн ухаан, ур чадвар, хүч чадлыг өгдөг байна.
ЭЗЭН Самуелд айлдаж -Би Саулыг Израилийн хаан байлгахаас нэгэнт татгалзсан учир чи хэдий хүртэл Саулын хойноос гашуудах юм бэ? Эвэртээ тос дүүргэн явагтун. Би чамайг Бетлехемийн хүн Иесси уруу илгээе. Учир нь Би түүний хөвгүүдийн дундаас Өөртөө хааныг сонгосон билээ гэв… Гэвч ЭЗЭН Самуелд айлдан -Түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг нь бүү харагтун. Би түүнийг үл тоов. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв. Иесси хүн явуулж, түүнийг авчруулав. Тэр улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа -Босож, түүнийг тослогтун. Энэ бол тэр хүн мөн гэв. Тэгэхэд Самуел эвэртэй тосыг авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр хүчтэй буув. Самуел босож Рама уруу буцав.
ЭЗЭН, Та Өөрийнхөө ард түмнийг удирдуулхаар сүнсний удирдагч нараа тослон томилдогт баярлалаа. Та Өөрийн тосолсон хүмүүстэйгээ хамт байж, Сүнсээрээ тэтгэж, хүч чадал, мэргэн ухаан, тосолгоог өгдөгт талархаж байна. Таны томилсон удирдагч нарыг хүндэтгэн дагаж, тэднийг хайрлаж явах хайр ба хүч чадлыг итгэгч хүмүүст өгөөрэй гэж залбирч байна. Амен.
- Та шавга хаядаг уу? Үйлс 1:21-26
Шавга хаялт бол аз туршсан зүйл болхоор Шинэ Гэрээний үед ч итгэгч нар төдийлөн хэрэглэж байгаагүй. Энэ тохиолдолд ийм арга хэрэглэх болсон шалтгаан нь Барсаб, Матиус хоёр хоёул элчийн үүрэг гүйцэтгэх шаардлага хангасан байсан тул аль нэгийг нь сонгохын тулд л хийсэн болов уу. Өнөөдөр бид нарт шавга хаях шаардлага байхгүй. Ариун Сүнс ба Бурханы бүрэн илчлэлт болох Библи байна. Та шавга хаях талаар ямар бодолтой байна вэ?
Иймээс бидний дунд Эзэн Есүс амьдарч байх үеийн туршид бидний хамт дагалдаж явсан, Иоханы баптисмаас эхлэн Түүнийг бидний дундаас өргөгдөн дээш гарсан тэр өдөр хүртэл бидэнтэй байсан эрчүүдээс нэг нь бидний хамт Түүний амилалтын гэрчлэгч болох хэрэгтэй байна гэв. Ингээд тэд Барсаб гэгдэх (Иуст ч гэгддэг) Иосеф болон Маттиа хэмээх хоёр эрийг урагш гарган, залбирч -Бүх хүмүүсийн зүрхийг мэдэгч Эзэн Та энэ хоёрын хэнийг сонгож байгаагаа харуулаач. Өөрийнхөө газар уруу очихын тулд үйлчлэл ба элчийн албыг орхиод одсон Иудагийн үүргийг хэн хаших вэ? хэмээгээд, тэд тэр хоёрын төлөө шавга хаясанд, шавга нь Маттиа дээр бууж, тэр арван нэгэн элч нарын хамт тоологдох болжээ.
ЭЗЭН, бид нар шавга хаяж, аз туршин шийдвэр гаргах шаардлагагүй болсондоо талархаж байна. Та бид нартай Библи, илчлэлт, зүүд, үзэгдэл, номлол, сургалт болон Өөрийн хүмүүс, бидний амьдрал дахь нөхцөл байдлаар дамжуулан ярьж байгаад баярлалаа. Ариун Сүнс ээ, Та энэ бүхнийг бидний зүрхэнд мэдрүүлж, бидний сүнсний мэлмийг нээж, бид нарт амар тайвнаар баталж өгдөг тань баярлалаа. Амен.
- Сүмийн эд хөрөнгө, Үйлс 4:32-37
Шинэ Гэрээний Сүмийн эв нэгдэл, хүч чадал, хүчтэй гэрчлэлд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь тэдний эд хөрөнгө нийтийнх байсан бөгөөд сүнсний удирдагч нарын мэдэлд байсан явдал болов уу. Хүмүүс нь сүмдээ өргөчихөөд, зарцуулалтыг нь сүнслэг удирдагч нартаа итгээд даатгадаг байжээ. Тийм ч учраас хөрөнгө мөнгө тойрсон хэрүүл маргаан гарсан тухай байдаггүй. Эд ба мөннгөний шунал хүмүүсийн зүрх сэтгэлийг Бурханаас холдуулах увдистай бөгөөд сүмийг хагалах чадалтай тул Есүс, Хүний эд хөрөнгө байгаа газар зүрх сэтгэл нь оршдог гэж сануулсан байдаг.
Итгэсэн тэдгээр хүмүүс нэг зүрх, сэтгэлтэй байсан бөгөөд тэдний хэн нь ч өөртөө байгаагаа минийх гэдэггүй, харин тэдний бүх юм нь нийтийнх байв. Элч нар Эзэн Есүс Христийн амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэдний бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан болой. Гачигдаж дутагдсан хүн тэдний дунд байсангүй. Учир нь газар, орон байр эзэмшигчид нь цөмөөрөө тэр бүгдээ худалдсан өртгийг нь авчирч, элч нарын хөлд тавихад, тэд хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилдаг байлаа. Элч нарт Барнаб (орчуулбал, Тайвшралын Хүү) хэмээн нэрлэгддэг, Кипрт төрсөн Леви овгийн Иосеф нь өмчилж байсан талбайгаа зараад, мөнгийг нь авчран элч нарын хөлд тавьжээ.
ЭЗЭН Бурхан, Таны нэрээр дуудагдсан бүх хүмүүсийн зүрх сэтгэлийг эд хөрөнгөний шуналаас эрх чөлөөтэй байлгаж өгөөч. Бидний хэрэгцээг хангана гэсэн Таны амлалтанд итгэх итгэлийг маань өсгөөрэй. Одоо эд хөрөнгөний хэрүүл маргаантай байгаа сүмүүдийн дотор нэг зүрх, сэтгэлийг бий болгооч. Танаас дуудлага аваад бүх амьдралаа зориулан үйлчилж байгаа сүмүүдийн пастор, ахлагч нарт байгаа хөрөнгө мөнгөө зөв зарцуулах мэргэн ухааныг хайрлаарай. Та Өөрийн зарц нараа эд хөрөнгөний шуналаас хамгаалаарай гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- Залбирлын хариу, Үйлс 4:23-31
Хавчлагатай сөрөг нөхцөлд итгэл үнэмшлээ ярихад ер бусын тосолгоо хэрэгтэй. Тэр ч байтугай өөрийн удирддаг сүм чуулганы өмнө Бурханы Үгийг итгэмжтэйгээр хуваалцахад пастор болгонд Ариун Сүнсний тосолгоо бас зүрх зориг хэрэгтэй. Хэрэв бид үүний төлөө залбирвал Бурханы хүсэлд нийцнэ гэдэгт бат итгэлтэй байж болох нь.
Суллагдмагцаа тэд өөрсдийнхөн дээрээ ирж, ахлах тахилч нар болон ахлагчдын тэдэнд хэлсэн бүхнийг уламжлав. Тэд үүнийг сонсоод, Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар өгүүлрүүн -Өө, Эзэн! Тэнгэр, газар, тэнгис болон тэдгээрт оршигч бүхнийг бүтээсэн нь Та билээ. Та Өөрийн зарц, бидний өвөг Давидын амаар дамжуулан Ариун Сүнсээр айлдахдаа, “Яагаад харь үндэстнүүд уурсаж, Ард олон дэмий зүйл сэднэ вэ? Газрын хаад ирж, Эзэн болон Түүний Христийн эсрэг захирагчид цугларцгаав” Таны тосолсон, Таны ариун зарц Есүсийн эсрэг Херод, Понти Пилат нар харь үндэстнүүд болон израильчуудын хамтаар үнэхээр энэ хотод цугласан билээ. Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоогдсон Таны зорилго бүхэн биелэгдэхийн тулд болой. Одоо Эзэн ээ, тэдний заналхийллийг анхаараач. Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийнхөө боолуудад соёрхооч. Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг болон тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та Өөрийн мутраа сунгаач гэв. Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв.
ЭЗЭН, Та Өөрийн ард түмэндээ Таны Үгийг зоригтой бөгөөд итгэмжтэй ярих хүч чадал, мэргэн ухаан ба тосолгоог Ариун Сүнсээрээ дамжуулан асгаач гэж залбирч байна. Таны Үгэнд итгэмжтэй байж, дуулгавартай тунхагласан хүн бүрийг Та бүхий л талаар ивээж, шагнах учраас баярлалаа. Амен.
- Бурхан нэгдүгээрт, Үйлс 4:13-22
Итгэгч хүмүүийн хувьд Бурханыг нэгдүгээрт тавих нь маш чухал боловч хийхэд тийм ч амархан зүйл биш. Учир нь энэ дэлхийн үзэл бодол, амьдралын хэв маяг, хүний төрөлхийн чанарууд бүгд л Бурханы хүсэл, Түүний төгс ариун байдалтай зөрчилдөж байдаг. Дээрээс нь бидний ойр дотны хүмүүс, найз нөхөд маань хүртэл бидний итгэл үнэмшлийг хүндэлж үздэггүй. Гэсэн ч Бурхан бид нарыг Өөрт нь итгэж, Түүнийг бүхнээс дээгүүр тавихыг хүсдэг. Петр, Иохан нар Бурханыг нэгдүгээрт тавьсан байна.
Эрдэм номгүй, боловсролгүй Петр, Иохан хоёрын ийнхүү зүрх зоригтой байгааг нь тэд хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв. Эдгэрсэн өнөөх хүн тэдний хамт зогсож байгааг хараад тэдэнд хариуд нь хэлэх зүйл юу ч байсангүй. Тэгээд тэднийг зөвлөлийн байрнаас гарахыг тушаагаад өөр хоорондоо зөвлөлдөн, -Энэ хүмүүсийг бид одоо яах вэ? Тэдний үйлдсэн гайхамшигт тэмдэг нь Иерусалимд оршин суудаг бүхэнд нэгэнт тодорхой тул бид түүнийг үгүйсгэж чадахгүй. Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд анхааруулъя гэцгээв. Ингээд тэднийг дуудан авчирч, Есүсийн нэрээр огт ярьж, сургахгүй байхыг тушаав. Гэвч Петр, Иохан нар тэдэнд -Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ. Учир нь бид үзсэн, сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй гэжээ.
ЭЗЭН минь ээ, Таны Үгийг хүнийхээс илүүд үзэж, энэ дэлхийн жишиг болон үе тэнгийнхний үзэл бодол, дарамт шахалтанд автахгүй байх хүч ба мэргэн ухааныг өгөөч. Хүний арга замууд, санаа бодлууд ба зөвлөгөөнүүдийг Таны Үгээр шалгаж, Таны талд сонголт хийж сурахад маань туслаарай. Таны хүсэл төлөвлөгөөнүүд болон замууд бидний сайн сайхны төлөө байдаг гэдэгт итгэх итгэлийг маань өсгөж өгөөч гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
- Аварлын зам, Үйлс 4:1-12
“Бурханд хүрэх олон зам бий. Бүх шашнууд нэг л зүйлийг заадаг, бүгд л хүний сайн сайхны төлөө” гэцгээдэг. Есүс Христийг загалмай дээр үхээд, дахин амилснаас хойш Бурханд хүрэх өөр аварлын зам үгүй гэдгийг Ариун Сүнсээр дүүрч, онгод орсон хүмүүс бичиж үлдээсэн нь жинхэнэ үнэн мөн. Гэхдээ итгэгч хүмүүс бусад шашнуудыг доош нь хийж, муулж, маргаан мэтгэлцээнд ялахыг зорилго болгох хэрэггүй. Хүн сүнсээр дахин төрснийхөө дараа л Аварлын зам бол ГАНЦ гэдгийг харах болно. Бид Есүсийн үхэл, амилалтын утга учир болох Бурханы нигүүлсэл ба хайрыг бусдад дамжуулах үүрэгтэй.
Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд хандаж,-Ахлагчид болон ард түмний захирагчид аа! Хэрэв бид энэ хүн хэрхэн эдгэрсэн талаар уг өвчтэй хүнд сайн үйл хийснийхээ төлөө өнөөдөр байцаагдаж байгаа бол, та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл болоод зогсож байгааг та бүхэн бас бүх Израиль түмэн мэдтүгэй. Тэр бол барилгачид болох та нарт гологдсон боловч булангийн тулгуур чулуу болсон юм. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.
Бурхан Аав аа, Та хүн төрлөхтнийг хайрласан хэвээр, нэг ч хүний мөхүүлхийг хүсдэггүй бөгөөд зөвхөн Та хүний мөнхийн хувь тавиланг шийдэх эрх мэдэлтэй тул бид дотны хайртай хүмүүс болон таньж мэдэхгүй, тэр ч байтугай өстөнгүүдийнхээ авралыг Танаас гуйж байна. Ариун Сүнс ээ, Та тэдний сүнсний мэлмийг нээж, Есүс Христээс өөр аварлын зам байхгүй гэдгийг харуулаач. Танд итгэдэг ч төөрөн будилж, хууран мэхлэгдэж яваа хүүхдүүддээ аварлын зам бол ГАНЦ гэдэгт эргэж буцалтгүй итгэхэд нь туслааяч гэж Есүс нэрээр залбирч байна. Амен.
Burhanii ene ugees uhaaral ogson neg zuiliig huvaaltsya. Burhanii ug divaajind oruulj tamd ch hayj chadah huchtei hirnee hair niguulsleer duuren baidag gedegiig meddeg bolovch zurheeree uhaardaggui baij. Humuus yu gej helsneer ooriigoo, amidralaa, humuusiig todorhoilj, delhiin ochuuhen unelemjeer amidraliig unelj yavjee. Burhan yu gej helsnees hunii helsniig iluud tavij yavsan aldaagaa uhaarlaa. 1 Peter nomd helsneer mahan bie ustaj ugui bolno, harin Burhanii ug monhod heveer uldene.
Ha-le-lu-yah…….. Praise the Lord…
Энэ үгийг өчигдөр уншиж хэрэгжүүлдэг газар байсан байна. Өнгөрсөн хойно нь Бурханы үгийг тунхаглах ёстой байсан байна гэдгээ ухаарлаа. Дараа би айлд орох, эсвэл олны дунд байхдаа хэнээс ч ичихгүй Бурханы үгийг тунхаглаад залбирч өгөөд гарч байнаа.
Burkhand itgen zorigtoigoor Tuuniig gerchileh itgeliin zorigtoi uildel bish busdiig harj dagaj uilddegiig min haruulj baih shig sanagdaj bna. Gerchlel dotor huchtei baih yumsan.
Tiim ee, burhan bidnii gadaad turh bus harin bidnii dotood setgeliig shalgadag,…Haya ene zuiliig martaad baisan uim, burhan ene hun iluu huch chadaltai, iluu ungu turhtei gej bus harin ter bidnii zurh setgeliig yu yunaas iluud uzdeg. (^-^)
Thank you Pastor!
Buh zuil hezee negen tsagt shan bolnio gdgt itgej bn. Setgeliin sharhaa edgeemeer bn. Hair setgelees bolj uneheer shanalj bn. Uneheer hetsuu bn. Buh asuudlaa burhand urguj chadahgui bn. Burhan mine ta nadad amar taiwan bas zurh setgeliiin martagnaliig ugch hairaach….